A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТӨРИЙН АЛБАН ЁСНЫ ХЭЛНИЙ ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор заасан/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор заасан/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАН ЁСНЫ ХЭЛНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн албан ёсны хэл болох монгол хэл /цаашид "төрийн албан ёсны хэл" гэх/-ний хэм хэмжээ, нэр томъёог төрийн албан хэрэг хөтлөх, төрийн албан ёсны үйл ажиллагаанд хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулах болон Монгол Улсын нэгдмэл байдлыг хангахад оршино.

2 дугаар зүйл. Төрийн албан ёсны хэлний тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Төрийн албан ёсны хэлний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль Монгол Улсын төрийн албан хэрэг хөтлөлт, төрийн албан ёсны үйл ажиллагаа, сургалтын хүрээнд үйлчилнэ.

3.2.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрийн албан ёсны хэлнээс бусад хэлээр харилцах эрхийг үл хөндөнө.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."төрийн албан ёсны хэл" гэж орчин цагийн утга зохиолын болон аман ярианы монгол хэлийг;

4.1.2."төрийн албан ёсны хэлний хэм хэмжээ" гэж орчин цагийн монгол утга зохиолын хэлний зүй тогтол, хэл бичгийн дүрмийг;

4.1.3."төрийн албан ёсны үйл ажиллагаа" гэж төр, захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагаас зохион байгуулж байгаа ёслолын арга хэмжээ, хурал, семинар, мэдээлэл, зөвлөлгөөн, хэлэлцээр, тэдгээрийн албан хэрэг хөтлөлт зэрэг төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Төрийн албан ёсны хэлийг хэрэглэх

5 дугаар зүйл. Төрийн албан ёсны хэлийг хэрэглэх

Хэвлэх

5.1.Монгол Улсын төрийн албан ёсны үйл ажиллагаа, сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна.

5.2.Монгол улсад амьдарч байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцана.

5.3.Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон олон улсын байгууллага эх хэлээрээ Монгол Улсын эрх бүхий байгууллагад хандах бол орчуулгыг хавсаргана.

5.4.Монгол улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөрийн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтөлнө.

5.5.Монгол Улсын хуулийн этгээдийн албан бичгийн маягт, тамга, тэмдгийн бичээсийг төрийн албан ёсны хэлээр үйлдэнэ.

5.6.Энэ хуулийн 5.5-д заасан албан бичгийн маягтыг гадаад хэлээр үйлдэх шаардлагатай бол төрийн албан ёсны хэлээр бичсэн үгийн доод талд гадаад үгийг бичиж, үсгийн хэмжээг багасгасан байна.

5.7.Хот, суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичнэ. Эдгээр нэрийг англи хэлээр давхар бичиж болно.

5.8.Монгол Улсын эрх бүхий байгууллага гадаад улс, олон улсын байгууллагад тухайн улсынх нь хэлээр албан бичиг явуулахад орчуулгыг төрийн албан ёсны хэлээр үйлдэж албан хэрэгт үлдээнэ.

5.9.Олон улсын болон хоёр талын төрийн албан ёсны чанартай хурал, семинар, зөвлөлгөөн, хэлэлцээрт Монгол улсыг төлөөлөн оролцож буй этгээд гадаад хэл хэрэглэж болно.

5.10.Монгол улсаас гадаад оронтой байгуулах гэрээ, хэлэлцээрийг төрийн албан ёсны хэлээр үйлдсэн байна.

5.11.Монгол Улсын нэгдэн орох олон улсын гэрээ, конвенцийг төрийн албан ёсны хэлээр орчуулсан байна.

5.12.Энэ хуулийн 5.9-д заасан хурал, семинар, зөвлөлгөөн, хэлэлцээрийн тэмдэглэл, хэлсэн үг зэрэг албан ёсны баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр орчуулж баримтжуулна.

5.13.Бүх шатны боловсрол олгох сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Энэ заалт үндсэн ба мэргэжлийн сургалтаа гадаад хэлээр явуулдаг сургалтын байгууллагад үл хамаарна.

5.14.Суралцагчид /Монгол Улсын иргэн/-ын дийлэнх олонхи нь хүн амын өөр хэл бүхий үндэсний цөөнх байвал сургалтыг тухайн хэлээр явуулж болно.

5.15.Энэ хуулийн 5.14-т заасан суралцагчдад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу төрийн албан ёсны хэлний мэдлэгийг эзэмшүүлнэ. Казах иргэдэд үндэсний болон төрийн албан ёсны хэлийг зааж сургахад дэмжлэг үзүүлнэ.

5.16.Төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томъёог баримтална.

5.17.Төрийн албан хаагч, олон нийтийн хэвлэл, мэдээллийн ажилтан нь монгол хэлний хэм хэмжээ, нэр томъёог хэрэглэх зохих түвшний мэдлэг, чадвартай байна.

5.18.Төрийн албан ёсны хэлэнд дүйх үг, нэр томъёо байхад гадаад үг, нэр томъёо хэрэглэхийг хориглоно.

6 дугаар зүйл. Төрийн хэлний зөвлөл, түүний чиг үүрэг

Хэвлэх

6.1.Төрийн албан ёсны хэлэнд дагаж мөрдөх орчин цагийн монгол хэлний хэм хэмжээ, нэр томъёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон тогтоох, баталж мөрдүүлэх, жигдлэн хэвшүүлэх, мэргэжлийн зөвлөлгөө өгөх, нэр томъёотой холбогдсон асуудлаар дүгнэлт гаргах чиг үүргийг Төрийн хэлний зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ хэрэгжүүлнэ.

6.2.Зөвлөлийн дарга нь соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

6.3.Зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.

6.4.Зөвлөл нь тодорхой чиглэлээр салбар зөвлөлтэй байж болно.

6.5.Зөвлөлөөс албан мэдээллийг тогтмол гаргана.

6.6.Зөвлөл нь төрийн албан ёсны хэлний талаар дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

6.6.1.олон улсад нийтлэг хэрэглэдэг нэр томъёог орчин цагийн монгол хэлний нэр томъёонд шинжлэх ухааны үндэслэлтэй хөрвүүлэх, утгачилан тайлбарлах;

6.6.2.мөрдөгдөж буй нэр томъёо, үг хэллэг нийгмийн болоод шинжлэх ухааны хэрэгцээ, шаардлагад хэрхэн нийцэж, хэрэглэгдэж байгаад судалгаа хийх, шаардлагатай гэж үзвэл өөрчилж, энэ талаар олон нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх;

6.6.3.нэр томъёог оноон тогтоох, толилох, жигдлэх, дэлгэрүүлэх, мөрдүүлж хэвшүүлэх ажилд холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах;

6.6.4.Монгол орны газар нутгийн оноосон нэрийг толилох, жигдлэх, дэлгэрүүлэх, олон улсын газарзүйн нэрийн ном бүртгэлд бүртгүүлэх;

6.6.5.төрийн албан ёсны хэлний нэр томъёоны талаар байгууллага, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх.

6.7.Зөвлөл нь ажлаа Засгийн газарт тайлагнана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Бусад

7 дугаар зүйл. Төрийн албан ёсны хэлний тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт

Хэвлэх

7.1.Төрийн албан ёсны хэлний тухай хууль тогтоомжийн биелэлтэд Зөвлөл хяналт тавьж, зөрчил илэрвэл түүнийг хэрхэн арилгах талаар албан ёсоор зөвлөмж гаргана.

7.2.Энэ хуулийн 7.1-д заасны дагуу гаргасан шийдвэрийг түүнийг хүлээн авсан этгээд заавал дагаж мөрдөх үүрэгтэй.

8 дугаар зүйл. Төрийн албан ёсны хэлний тухай хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

8.1.Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

8.1.1.энэ хуулийн 5.4-ийг зөрчсөн гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;

8.1.2.энэ хуулийн 5.5-5.8; 5.12; 5.15; 5.16-г зөрчсөн Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллага, хуулийн этгээдийг 70000-250000 төгрөгөөр торгох;

8.1.3.энэ хуулийн 7.1-д заасан шийдвэрийг зөрчсөн иргэнийг 5000-50000, албан тушаалтныг 30000-60000, хуулийн этгээдийг 50000-250000 төгрөгөөр торгох;

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР