<img src="https://certify.alexametrics.com/atrk.gif?account=RyIQr1rcy520uW" style="display:none" height="1" width="1" alt="">

Цэргийн ёслолын жагсаалын түүх

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

 

Цэрэг дайчдынхаа цогтой жагсаалын үзэх боломж олгодог цэргийн хүндэтгэлийн жагсаал тухайн улс орны тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах цэрэг, армийн хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээний нэг юм.

Улс орны сүр жавхаа болсон цэрэг дайчдын цог золбоог илтгэн харуулдаг Цэргийн ёслолын жагсаалын түүхээс дурьдвал анх жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Монгол Улсад Ардын хувьсгал ялсан өдөр буюу 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд анх удаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 91 жил болж байна.

Энэхүү арга хэмжээ нь Зэвсэгт хүчний хөгжлийн үе шатуудад тасралтгүй явагдаж чадаагүй  ч 1970-аад оноос 1991 он хүртэл жанжин Д.Сүхбаатарын талбайд тогтмол явагдсаар иржээ.

Тухайлбал Батлан Хамгаалахын Сайдын 1971 оны 170 дугаар тушаалаар “Ардын армийн 50 жилийн ойн цэрэг техникийн парад”, 1986 оны 245 дугаар тушаалаар "Ардын хувьсгалын 65 жилийн ойн зэвсэг, техникийн парад”, 1991 оны 261 дүгээр түшаалаар "Ардын хувьсгалын 70 жилийн ойн баярын цэргийн парад"-ыг түс тус явуулж байсан ба Ардын хувьсгалын ойн баяр наадмын тэгш ойн жилүүдэд цэрэг, техникийн, харин ойн бусад жилүүдэд зөвхөн цэргийн алба хаагчдын ёслолын жагсаал тус тус явагддаг байжээ.

Түүнчлэн тухайн үед Октябрийн хувьсгал ялсны буюу Октябрийн баярын өдөр мөн нэгэн адил цэргийн ёслолын жагсаал явдаг байсан ажээ.

Цэргийн ёслолын жагсаал нь 1991 оноос хойш явагдаагүй бөгөөд харин 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд нэг удаа зохион байгуулагдаж байжээ.

Үүнээс хойш есөн жил завсарласны дараа 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тангараг өргөх ёслолын үеэр Зэвсэгт хүчний анги байгууллага, Хил хамгаалах еренхий газрын болон Дотоодын цэргийн ангиуд оролцсон цэргийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд явуулсан байна.

Дараа нь 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ззвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тангараг өргөх үед цэргийн ёслолын жагсаалыг явуулсан нь түхайн үед ард иргэд, залуучуудын гүн талархлыг хүлээсэн ёслолын арга хэмжээ болсон байна.

Тэрчлэн 2009 онд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Монгол Улсын “Төрийн далбааны өдөр” буюу долдугаар сарын 10-ны өдөр цэргийн ёслолын жагсаалыг дахин явуулж эхэлсэн юм.

Цэргийн ёслолын жагсаалыг дэлхийн ихэнх улс орон тэмдэглэлт баярынхаа үеэр бэлтгэн, зохион байгуулан явуулдаг бөгөөд энэхүү арга хэмжээг тухайн улс орны тусгаар тогтнол, түүний батлан хамгаалах цэрэг, армийн хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээний нэг гэж үздэг ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сvлд(112.72.11.120) 2022 оны 09 сарын 03

Монгол улсын телее зvтгэе.. Ураа.Ураа.Ураа

0  |  1
Top